2018 оны 08 сарын 15
Хүмүүс бүтээлч сэтгэлгээ гэхээр яг юу гэж ойлгодог нь их сонирхолтой. Яагаад гэвэл юу гэж ойлгодоос хамаарч ямар хандлага, хэр их ач холбогдол өгөх нь хамаардаг байх. Миний хувьд хүүхэд бүрийн төрөхөөс заяагддаг тэрхүү сониуч бүтээлч занг багаас нь дэмжиж, хөгжүүлж байх нь аав ээж бидний хамгийн чухал хийх ёстой зүйлсийн нэг гэж боддог.
Тиймээс бүтээлч сэтгэлгээтэй холбоотой хүмүүсийн буруу ойлголтуудыг дор товч бичихийг бодлоо:
- Бүтээлч гэдэг үгийг шууд урлагын хүмүүстэй холбон боддог. Зөвхөн зураач, хөгжимчин, барималчин, яруу найрагчид гэх хүмүүс хамгийн бүтээлч хүмүүс гэж тооцдог хүмүүс их байх. Гэтэл сургуулийн багш ч хичээлээ заах арга барилдаа шинэлэг зүйлс нэвтрүүлдэг, гэртээ хүүхдээ харж байгаа ээж ч хүүхдүүддээ шинээр хоол зохиогоод хийж өгөх зүйлс ч мөн л бүтээлч байгаагын шинж.
- Нийгэмд тодорхой бүлэг хүмүүс л бүтээлч хүмүүс байдаг гэсэн ойлголт. Бүтээлч сэтгэлгээг судалдаг судлаачид хүмүүсийг 2 хуваасан байдаг ‘их’ ’бага’ бүтээлч хүмүүс гэж. Их бүтээлч хүмүүс нь мундаг Нобелийн шагналтнууд, эрдэмтэд, урлагын одууд гэх мэт хүмүүс орох байх л даа. Тэгэхдээ ‘бага’ бүтээлч гэх хүмүүс нь үлдсэн бусад бүх хүмүүс. Өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэг болох шинэ зүйлийг хэрэгжүүлж байгаа л бол та бүтээлч байна. Бусад хүмүүс магадгүй таны хэрэгжүүлсэн зүйлийг мэддэг байсан ч та тэрийг өөрийнхөө амьдралд тохируулж өөрт хэрэгтэй байдлаар ашиглаж байгаа бол бүтээлчээр хандаж байнаа л гэсэн үг.
- Шинэ бүтээлч санаа гэнэт толгойд орж ирдэг гэж боддог. Исаак Ньютон жишээ нь толгой дээр нь алим унахад байгалийн таталцлын хүчийг ойлгосон гэдэг ч юм уу. Гэтэл энэ хүмүүс бүтээлч байдлыг хэзээ ч гэнэтийн байдалтай холбож боддоггүй, харин урт хугацааны үйл явцын нэг хэсэг л гэж ойлгодог. Бүтээлч сэтгэлгээ нь урт хугацааны хөдөлмөр, сониуч зан, олон янзын оролдлого, хичээл зүтгэлээс хөгжиж сайжирдаг зүйл.
- Бүтээлч байхыг зааж болдоггүй гэж боддог. Энэ талаар ярихаас өмнө ‘заах’ гэдэг үгэн дээр нэгдмэл ойлголттой байх нь зөв болов уу. Заана гэхээр багш хүүхдүүдээ ширээний ард суулгаж байгаад ингэж бүтээлч байна гээд тодорхой хэдэн арга барил, дүрэм заахыг хэлж байгаа бол ийм байдлаар хүүхэд бүтээлч байдалд суралцах нь бага болов уу. Харин багш нь тухайн хүүхдийн сонирхлыг харгалзан тодорхой сэдэв барин түүнтэй холбоотой ямар нэгэн зүйлсийг хүүхдийнхээ оролцоотой хамт олон янзын байдлаар турших тэр үйл явц нь өөрөө бүтээлч сэтгэлгээг зааж байгаа болов уу гэж боддог.
Энэ ойлголтуудаас гадна өөр олон зүйлсийг энэ жагсаалтанд нэмж болох байх. Хүн бүр л янз бүрийн байдлаар бүтээлч сэтгэлгээг тайлбарлаж, хүн бүр өөр өөрийн ойлголттой байгаа байх, таньд санал бодол энэ сэдвийн дор байвал бидэнтэй хуваалцаарай. Бүтээлч Сэтгэлгээ гэж таны хувьд юу гэж тайлбарлагдах вэ? 😊
Нийтлэл бичсэн А.Уянга