2018 оны 08 сарын 16

Энэ гайхалтай номыг уншаад өөрийн эрхгүй номны талаар бичиж бусдыг уншаасай мөн сургуулийн талаар, боловсролын талаар одоогийн байдаг уламжлалт ойлголтыг эвдэж шинэлэг өнцгөөс хараасай гэсэн чин хүслээр номын гол санаануудыг бичихийг зорилоо. Боловсролын салбарыг сонирхдог хүмүүс магадгүй Ken Robinson гэдэг хүнийг сайн мэдэх биз ээ, энэ хүний хийж байгаа ажил, бичсэн ном болгон шинэлэг, орчин үед зохицсон, боловсролын салбартаа хувьсал хийж яваа гэж хардаг. Ингээд Авдар клубын мянга мянган гайхалтай аав ээж нар багахан ч   болов шинэлэг санаа авна гэдэгт итгэж байна байна шүү.

Бүтээлч сэтгэхүй гэж юу вэ?

Энэ бол үнэ цэнэ агуулсан жинхэнэ анхдагч санаа үүсэх үйл явцыг хэлж байгаа юм. Төсөөлөн бодсон зүйлээ бодит амьдрал дээр бий болгож байгааг бүтээлч чанар гэж номон дээр хэлсэн байдаг. Хүүхдийн бүтээлч сэтгэхүй ямар үед хамгийн өндөр байдаг вэ гэвэл шинийг мэдэхийг хүссэн хүсэл болон өөрийн дуртай зүйлийг хийж байгаа үед илэрдэг. Бяцхан хүүхдийн дотроос сурах чин эрмэлзэл төрсөн тохиолдолд л тэдний бүтээлч сэтгэхүй гайхалтайгаар өргөжиж байдаг байх нь. Харин манай цэцэрлэг сургуулийн боловсролын систем үүнийг дэмждэг хөтөлбөр явуулж чаддаг билүү? Чаддаггүй хирнээ хүүхдэд байгалиас нь заяасан сониуч занг нь дарж, энэ ч болохгүй тэр ч болохгүй гэж хорин хүүхдийн сэтгэх, бүтээлч байх байдлыг дарж бүр сүүлдээ ул мөргүй болгодог нь харамсалтай. Номон дээр бичсэнээр багш гэдэг хүний үндсэн үүрэг бол хүүхдийг сурах үйл явцыг нь дэмжих, хялбарчлах юм. Сингапур, Өмнөд Солонгос болон Финланд гэх улсуудад багш нараа сургах гэж нилээн их хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд ингэснээрээ багшийн мэргэжил хамгийн тогтвортой бас дээд төвшний ажилд тооцогддог. Тэд сурагч нарыгаа хоорондоо өрсөлдүүлэхээс илүү хамтарч хийхийг дэмждэг бөгөөд хүрээлэн буй газартаа төдийгүй гэр бүл нийгэмтэйгээ байнгын харилцан уялдаатай ажилладаг нь хүүхдэд их зөв цогц хүмүүжил, боловсролыг олгож байдаг санагдсан.

Багшийн үүрэг хариуцлага

Энэхүү номон дээр багшийн мэргэжлийг цэцэг тарьдаг хүнтэй зүйрлэж бичсэн нь их тодорхой ойлгомжтой болгож өгсөн санагдсан. Юу вэ гэхээр, цэцэг тарьдаг хүн ургамал цэцгээ өөрөө ургуулдаггүй шүү дээ, цэцэгийн үндсэн дээр навчийг нь наагаад, цэцгийг нь буддаггүй шүү дээ. Харин цэцгээ өөрөөр нь ургуулах хамгийн таатай орчинг бүрдүүлэх л байдаг. Үүнтэй адил багш ч гэсэн тухайн хүүхдийн онцлогт тааруулж сурах хамгийн таатай нөхцөлийг бий болгох нь хамгийн чухал ажил нь юм. Хүүхдийн онцлогт тохируулж заримдаа багаар ажиллах ажил, заримдаа ганцаарчлан сууж заах, заримдаа сул орхиж өөрөөр нь танин мэдүүлэх гээд бүх зүйлийн балансыг буюу тэнцвэртэй байдлыг хадгална гэдэг чухал. Товчихноор хэлвэл багш хүүхдүүдээ юм хийлгэж, оролцуулах; хүүхэд бүрт боломж олгох; хүлээцтэй хандаж; тодорхой эрх мэдэл олгох нь хамгийн том үүрэг нь байна. Мөн хүүхдийг ямар ч зааварчилгагүй (free play) өөрөөр нь хүссэнээр нь тоглуулах, ингэж тоглохдоо олж авсан мэдлэг, санаачилгуудыг хүүхэд өөр аргаар авах боломжгүй байдаг бөгөөд том хүн болоход хэрэгтэй чадваруудыг суралцдаг нь нотлогдсон гэж бичсэн байсан шүү. Дүрд хувиран тоглох аргаас авсан туршлагыг (Role-play-based experience) бас хамгийн чухалд тооцдог гэж байсан, ингэснээрээ багаар ажиллах, хатуужилтай болох, өөртөө итгэлтэй болох, мөн нийгмийн хариуцлагатай хүн болж төлөвшинө.

 

Боловсролын үндсэн зорилго нь хүүхэд бүрийн сайн хийж чадах зүйлийг олж нээж, түүнийхээ төлөө зүтгэх тууштай байдал, эрч хүчийг өгөх, зоригжуулахад оршино.

 

Хичээл хийх шинэ анги танхим

Бас нэгэн сонирхолтой сэдэв нь Flipped classroom гэдэг ойлголт байсан. Энэ нь юуг хэлээд байнаа гэхээр ангид доторх үйл ажиллагааг гэрт хийгээд, харин гэртээ хийх гэрийн даалгавар нь ангидаа хийхийг хэлж байгаа юм. Нэг ёсондоо хүүхэд бүр өөрийнхөө хэмнэлээр гэртээ online байдлаар хичээлээ үзэж ойлгоод ангидаа ирээд асуулт асуух, даалгавраа харилцан ярилцаж хийх, бодит зүйл босгох, бүтээхийг хэлж байгаа юм. Ангид хичээл орно гэхээр яагаад заавал шууд нэг хүний удирдлага зааварчилгаан доор явагдах ёстой гэж? Яг үнэндээ багш нарт ч энэ байдал нээх таалагдаггүй байна, тэдэнд вакум орчинд мэдээлэл цацаж байгаатай ялгаагүй санагдах үе их байдаг гэсэн байна. Хүүхэд бүр өөр өөрийн хурдаар, өөр өөрийн гэсэн арга барилаар суралцдаг тул тухайн хүүхдийн тэр арга барилыг олж харах, дэмжих, нэг ёсондоо шалгалтын дүн, тестийн зөв хариулт гэхээсээ илүү багш сурагч хоёрын харилцаа,харилцан ойлголцохнь юунаас ч илүү чухал асуудал болоод байгаа юм байна.

Одоогийн боловсролын системийн сул тал нь юу вэ?

Одоогийн байгаа систем маань хүүхэд бүрийг бүх хичээлдээ сайн байлгах гэж оролдох тэгснээрээ хүүхдийг өөртөө итгэлгүй би ухаан муутай гэсэн ташаа ойлголт өгөх нь олонтой. Харин яг үнэндээ хүүхэд бүрт яг зөв сурах арга хэрэгслийг нь олж өгч чадсан цагт хүүхэд бүр төрөлхийн сурах чадвартай байдаг. Гэтэл одоогийн явуулж буй боловсролын системийн нөлөөллөөс болж энэ чадвараа алдаж улмаар сурах сонирхол нь багасах хандлага гардаг төдийгүй сургуулиасаа гарах, залхах байдал их байдаг байна. (Бид нар их сургуулиа төгсөөгүй хэрнээ том амжилтанд хүрсэн зөндөө Дэлхийн алдартай хүмүүсийг мэднэ, тэд хэт хайрцлагдсан байдалд дургүй байсан болов уу). Зарим хүмүүс магадгүй академик боловсролоор өөрийн хийж чадах, дуртай зүйлээ олдог ч энэ нь зөвхөн боловсрол олгох нэг л арга барил, боловсролын нэгхэн хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Академик талдаа муу хүүхдүүд өөрсдөөсөө л буруу, дутагдлаа харж ‘би ухаан муутай’ гэх зэрэг өөртөө итгэлгүй байдал үүсдэг нь маш харамсалтай. Гэвч маш олон байдлаар хүүхдүүд өөрсдөө бодит амьдрал дээр хийж үзэж алдаж байж өөрсдийн passion буюу хийх дуртай зүйлээ олдог шүү дээ.

Боловсролын үндсэн зорилго нь хүүхэд бүрийн сайн хийж чадах зүйлийг олж нээж, түүнийхээ төлөө зүтгэх тууштай байдал, эрч хүчийг өгөх, зоригжуулахад оршино. Ингэснээрээ тэднийг нас биенд хүрээд нийгэмд гараад ямар нэгэн асуудал тулгарах үед шантрахгүй, биеэ даан шийдэх чадвартай, эрсдэл болон ярвигтай асуудлыг зөв туулж гарах сэтгэл зүйн бэлтгэлтэй болгодог байх нь хамгийн чухал. Боловсрол бол өөрсдийн өв соёл болон бусдын амьдралын хэв маяг, соёлыг харилцан хүндэлж, хүлээн зөвшөөрөн хамтдаа оршин тогтнохын чухлыг тайлбарлаж ойлгуулдаг байх хэрэгтэй.

21 зууны эзэмших чадварууд

21 зууны эзэмших чадварууд гээд сүүлийн үед их яригдах болсон. Тэгвэл энэ номон дээр доорх чадваруудыг ирээдүйд чухалчилсан байна (англиар оруулах нь илүү оновчтой, яг зөв ойлгох байх гэж бодлоо):

1. Interdisciplinary topics

a. World awareness
b. Financial economic business and entrepreneurial literacy
c. Civic literacy
d. Health literacy
e. Environmental literacy

2. Learning skills

a. Creativity and innovation
b. Critical thinking and problem solving
c. Communication and collaboration

3. Life and career skills

a. Flexibility and capability
b. Initiative and self-direction
c. Social and cross-cultural skills
d. Productivity and accountability
e. Leadership and responsibility

Нийтлэл бичсэн А.Уянга