2021 оны 05 сарын 7
Бидний номер 1 мөрдөх дүрэм бол ЧИХЭР БОЛ БЭЛЭГ БИШ. Хэн яагаад гэдгийг мэдэхгүй ч хүүхдэд чихэр бэлэглэх ёстой, чихэр идсэн хүүхэд л илүү аз жаргалтай болох юм шиг буруу ойлголт нийгэмд олон жилийн турш байсаар л байна. Бидний гаргадаг хамгийн том алдаа бол хүүхдийг чихрээр урамшуулж, хайраа илчилдэг явдал. Шинэ жил, хүүхдийн баяр, тэмдэглэлт өдрөөр хүн бүр л хүүхдүүдэд чихэр, амттан бэлэглэнэ. Би ч гэсэн чихрийн далайд умбах боломж олддог эдгээр баяруудыг хүүхэд байхдаа тэсэн ядан хүлээдэг байлаа. Хүмүүсийн дунд тогтсон энэ хандлагыг бизнес эрхлэгчид тун овжин ашиглана. Өхөөрдөм хөөрхөн баглаа боодол хийсэн төрөл бүрийн өнгө, үнэр, амт, хэлбэр дүрстэй амттангийн олон төрлүүд яах аргагүй хүүхдийн анхаарлыг татна. Эцэст нь хүүхэд чихрийг хамгийн сайхан зүйл мэтээр хүлээж авна.
Гэтэл эцэг эх болсон бид хүүхдийн маань эрүүл мэндэд яг юу хэрэгтэй, юу хэрэггүй вэ гэдгийг сайн бодолцож үзэх хэрэгтэй. Өсөж яваа хүүхдийн биед нүүрс ус зайлшгүй хэрэгтэй гэхдээ чихэр биш.
Чихэр бол глюкоз, фруктозын нийлмэл. Эдгээр нь нэг молекулаас бүрдэх сахар бөгөөд хүний биед маш хурдан задарч нэн даруй цусанд ордог. Хүүхдийн идсэн чихэрлэг, амтлаг бүхэнд агуулагдах сахар тэр аяараа шахуу цусанд глюкоз болж түүнийг дагаад нойр булчирхайнаас инсулин хэмээх даавар ялгардаг. Инсулин цусанд орох хэт их глюкозыг тэнцвэржүүлж, хүчиллэг болохоос сэргийлдэг. Глюкоз, фруктоз нь бүхэлдээ энгийн нүүрс ус юм. Хэт их нүүрс ус хэрэглэхэд хүн аз жаргалтай, эрч хүчтэй болдог. Тийм ч учраас сэтгэл гутралд орсон, зарим тохиолдолд стресс ихтэй ажил хийдэг томчууд ч хүртэл амттангаас хамааралтай болсон байдаг. Гэтэл хэдий чинээ их глюкоз цусанд нэвтэрнэ, төдий чинээ инсулин огцом ялгарна. Инсулин огцом ялгарахад огцом өлсөх, бие тавгүйрхэх, уур уцаартай болох зарим хүнд чичрэх, хөлрөх гэх мэт байж суухын аргагүй шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед хүүхдийн бие хурдан хугацаанд энерги өгөх чихэрлэг төрлийн хүнсийг эргээд нэхдэг. Тэр тусмаа өглөөний цайндаа нүүрс ус ихтэй хүнс идсэн хүүхэд сургууль дээрээ анхаарал нь суларч назгайрах эсвэл хэт сахилгагүй болдог тухай судалгаа гарсан байдаг. Ийм учраас сахарын өндөр хэрэглээ шим тэжээлтэй хоол хүнс идэх дуршлыг бууруулж байн байн өлсгөдөг болох нь батлагдсан.
Түүнчлэн хүүхдийн анхаарал татсан өнгө өнгийн амттанд сахар, хиймэл сахар орлуулагч бодис, будаг, үнэр оруулагч, нөөшлөгч бодис их хэмжээгээр агуулагддаг. Байгалиасаа л ягаан, ногоон өнгөтэй гоё ганган чихэр гэж үгүй шүү дээ. Эдгээрийг өндөр хөгжилтэй зарим орнуудад хүүхдийн хоол хүнсэнд нэмэх, телевизээр сурталчилахыг хориглож эхэлсэн. Хэрвээ үйдвэрлэхээр бол хүүхдийн зан авир, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг шошгон дээр нь анхааруулж бичих болсон.
Эцэг эхчүүдийн хамгийн том дайсан бол хүүхдийн шүдний өвчлөл. Буруу хооллолт, нэмэлт чихрийн хэтийдсэн хэрэглээнээс хүүхдүүдийн шүд цооролтын тархац улам нэмэгдсээр байна. Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болдог. Яаж ч угаасан хүүхдийн шүд цоороод байх нь ундаа, чихрийн хэрэглээний хэмжээ, хэрэглэж буй хэлбэр, биологийн цагтай холбоотой байдаг.
Урьд өмнө нь хэзээ ч үзэгдэж байгаагүй өвчлөл болох чихрийн шижингийн 2-р хэлбэр, элэгний өөхлөлт зэрэг нь АНУ-д ойрын жилүүдэд “хүүхдүүдэд” элбэг үзэгдэх болжээ. Энэ хоёр өвчин согтууруулах ундааны хэт хамааралтай хүмүүст илрэх нь хамгийн түгээмэл байдаг. Элэг өөхлөлтийн тэргүүлэх шалтгаан согтууруулах ундаанаас гадна фруктозын хэт өндөр хэрэглээнээс үүдэлтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин чихрийн шижингийн 2-р хэлбэр 35-аас дээш насныханд түгээмэл илэрдэг атал одоо хүүхдүүд энэ өвчнөөр оношлогддог болсон нь үнэхээр харамсалтай.
Бид яаж хамгаалах вэ? Хэрэв таны хүүхэд чихрийн амтад орсон бол шууд хориглох бус хоолны дараа 10-20 мин дараа диссерт маягаар өгөх нь хамгийн зөв ба чихэр идсэнээс хойш хамгийн багадаа 15 мин дараа шүдээ угааж хэвших юм. Хоорондын зай чухал шүү! Бид уснаас өөр зүйл ууж идсэний дараа шүдээ шууд угааснаар шүднийхээ пааланг гэмтээх эрсдэлтэй байдаг учир та хүүхдэдээ анхнаас нь зөв хэвшил суухад нь туслаарай.